4/13/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд с. Батболдын хэлсэн үг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд с. Батболдын хэлсэн үг

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

УИХ-ын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан билээ.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2 дахь хэсгийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг нь Хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэр байхаар заасан.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлд дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 5184.7 ам.долларт тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 76.4 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2008 оны ашгаас Монголын талын ногдол ашгийн орлогыг 39.9 тэрбум төгрөгөөр тус тус улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож тусгасан.

Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан 2010 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан орлогоос нийт 116.3 тэрбум төгрөгийн орлого Хүний хөгжил сангийн орлогод шилжихээр байна. Үүнээс 76.4 тэрбум төгрөг нь улсын төсөвт төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, 39.9 тэрбум төгрөгийн орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлого болно.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2010 оны төсвийн төсөлд тусгагдсан зэсийн үнэ 5184.7 ам долларыг 615.3 ам доллараар нэмэгдүүлэн 5800.0 ам доллараар тооцох санал УИХ-аар 2010 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад дэмжигдсэнтэй холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг 3.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Түүнчлэн нүүрс, төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлснээр Хүний хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг нийт дүнгээрээ 13.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа юм.

Дээрх өөрчлөлтүүдийн дүнд 2010 онд Хүний хөгжил санд нийт 133.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.

Монгол Улсын Засгийн газраас “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой ордын урьдчилгаа төлбөр 150.0 сая ам доллар буюу 212.7 тэрбум төгрөг нь 2010 оны Хүний хөгжил сангийн эх үүсвэрийн нэг бүрдэл хэсэг болно.

Харин сангийн зарлагын хувьд хүний хөгжлийн чиглэлээр иргэдэд сангийн орлого, эх үүсвэрээр нийт 334.9 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөлд тусгаж Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлж байна.

Хуулийн төсөлтэй уялдуулан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулиуд болон “Мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 21 дүгээр тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай, Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль болон “Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцох шаардлагатай болно.

No comments:

Post a Comment