4/13/10

УЛСЫН 2010 ОНЫ ТӨСӨВ


МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ТӨСӨВ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСӨВ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
2009.12.18

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлсний дагуу Улсын Их Хурал 2010 оны төсвийн баримт бичгийг хэлэлцэж, 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталлаа.

2010 оны төсвийн хуулиудыг батлан гаргасан эрх зүйн орчин

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын эрх зүйн орчин хэвээр хадгалагдахаар 2010 оны төсвийн баримт бичгүүдийг батлан гаргалаа.

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгө оруулсан бол уг хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасныг хэлэлцүүлгийн явцад авч үзэж, энэхүү хөнгөлөлт нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн дагуу татварын тайлангаар гарсан алдагдлыг 2-8 жилийн хугацаатай ирээдүйд шилжүүлэн тооцох хуулийн заалтаар аж ахуйн нэгжид олгож байгаа татварын хөнгөлөлттэй давхардуулан эдлэх боломжийг олгож байна гэж үзэж, хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг хүчингүй болголоо.

Засгийн газраас төсвийн баримт бичгийг дагалдан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг өрхийн даатгалд хамрууулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогчид 12.5-14.5 хувь, даатгуулагч 11.5 хувь төлөхөөр тус тус нэмэгдүүлэн тогтоох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл олгох үйлчилгээг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэх өөрчлөлтийг тусгасан хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Улсын Их Хурал дэмжээгүй бөгөөд эдгээр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм.

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн бодлого, үзэл баримтлал

 Ирэх 2010 оны төсвийн орлогын төлөвлөлтийг төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, татварын тогтвортой орчинг хангах, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүллээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд сэргэж эхлэх хандлагатай уялдан татварын ДНБ-д эзлэх хувь 27.5 орчим хувьд хүрэхээр байна.

Монгол Улсын 2010 оны төсвийн урсгал зарлага, 2011-2012 оны төсвийн зарлагын шинэчлэлийн хүрээнд салбарын стратеги бодлогыг түүний хүрэх үр дүн, хэрэгжүүлэх стратегтай уялдуулан эрэмбэлж, санхүүжүүлэх хөтөлбөрийн төлөвлөлтийг нэвтрүүлж байгаа нь 2010 оны төсвийн нэг онцлог юм.

2010 онд нийгмийн халамжийн хөтөлбөрийг хумихгүй байх бодлогыг баримтлан, ингэхдээ эдийн засгийн хямралын үед хүн амын мөнгөн орлогыг бууруулахгүй байх, нэг хүнд ногдох бодит орлогыг нэмэгдүүлэхгүй байгаа нөхцөлд одоо авч байгаа тэтгэмжийн хамрах хүрээг бууруулахгүй байх, стратегийн орд газруудаас бий болж байгаа орлогыг иргэдэд хуваарилах механизмтай уялдуулан хамтатган шийдвэрлэх бодлогыг баримталсан.

2010 оны хөрөнгө оруулалтын бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, ялангуяа дэд бүтцийн барилга байгууламжийг барих, шинэчлэх, нийгмийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх чиглэлийг баримталаа.
ОУВС-тай тохиролцсон хямралыг даван туулах хөтөлбөр болон олон улсын санхүүгийн бусад байгууллагууд, донор орнуудтай санхүү зээлийн бодлогоор тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэх, хөтөлбөрт суурилсан төсөв хэрэгжүүлэх, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим баримтлан төлөвлөхөд төсвийн хөрөнгө оруулалтынг чиглүүллээ.

Монгол Улсын 2010 оны төсвийн баримт бичгийг төсөв, эдийн засгийн гол параметрүүд нь Засгийн газрын оруулсан саналаар буюу эдийн засгийн өсөлтийг 7.4 хувь байх, инфляцийн түвшин 8.5 хувь, төгрөгийн ам доллартай харьцах дундаж ханшийг 1418.2 төгрөг байх, нэг унц алтны үнийг 900 ам доллар байхаар тооцон баталлаа.

Харин дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 5184.7 ам.доллароор тооцсон Засгийн газрын саналыг УИХ-аар хэлэлцүүлгийн явцад 5800 байхаар өөрчиллөө.
Дээрх параметрүүдийн санхүү, эдийн засгийн орчинд Монгол Улсын 2010 онд нэгдсэн төсвийн орлого 2,426.8 тэрбум төгрөг, зарлага 2,785.4 тэрбум төгрөг болж нэгдсэн төсвийн урсгал тэнцлийн ашиг 228.7 тэрбум төгрөг, нийт тэнцлийн алдагдал 358.6 тэрбум төгрөг болж ДНБ-ний 5 хувиас хэтрэхгүй байхаар байна.

 үнээс Монгол Улсын 2010 онд төсвийн орлого 1,948.4 тэрбум төгрөг, зарлага 2,101.2 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.

2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 447.8 тэрбум төгрөгийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсны 73.1 тэрбум төгрөг нь бүс, орон нугийн хөгжлийг дэмжих чиглээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ эзэлж байна. Орон нутагт төсөв захирагчдын санхүүгийн эрх мэдэл хязгаарлагдмал орчинд төрөөс орон нутаг, хязгаар бүс нутагт төрийн үйлчилгээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хүргэх хэрэгцээг харгалзан үзэж ийнхүү шийдвэрлэсэн юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийг татан оролцуулах, үүнд 229.1 тэрбум төгрөгийн ажлыг төлөвлөлөө.

Хүний хөгжил Сангийн 2010 оны төсөв
Монгол Улсын 2010 оны төсөв хэлэлцэж байх хугацаанд Хүний хөгжил сангийн хууль батлагдлаа. Засгийн газар Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлж, үүнтэй холбогдуулан Монгол Улсыг хөгжүүлэх санг хүчингүй болгож, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хуулийг төслийг төсөл санаачлагч татан авлаа. Ингэснээр Монгол Улсын 2010 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан орлогоос 116.3 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд шилжүүлэх, 2010 онд тус санд 133.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх, мөн Оюу толгойн ордын урьдчилгаа төлбөр 212.7 тэрбум төгрөгийг тус сангийн эх үүсвэр болгохоор, 2010 онд Хүний хөгжил сангаас 334.9 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэхээр тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсөв
Нийгмийн даатгалын санд 2010 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг 346.9 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангуудын зарлагыг 490.9 тэрбум төгрөг байхаар баталлаа.

2010 оны төсвийн баримт бичгүүдэд хэлэлцүүлгийн явцад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
УИХ-ын хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн дүнг оруулснаар 120.7 тэрбум төгрөгөөр, зарлагын хэмжээ мөн дүнгээр нэмэгдүүлэн, нэгдсэн төсвийн тэнцлийг 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар өөрчлөлтийг тусган баталлаа.

Төсвийн орлогын тооцоонд гарсан өөрчлөлт:

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 5800 ам.доллар болгон нэмэгдүүлэн тооцсоноор Монгол Улсын төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 6.9 тэрбум төгрөгөөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 68.0 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжил санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3.7 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсөвт төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.6 тэрбум төгрөгөөр, нийт 80.2 тэрбум төгрөгийн орлого нэмэгдлээ.

Монголбанкнаас 5 тэрбум төгрөгийг 2010 оны Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 11.7 тэрбум төгрөгөөр, гаалийн хураамжийн орлогыг 10.0 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжил санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 9.9 тэрбум төгрөгөөр, орон нутагт төвлөрөх орлогыг 4.3 тэрбум төгрөгөөр, нийт 39.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлснээр 8.5 тэрбум төгрөг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байсан хууль, тогтоомжийг хүчингүй болгосноор 12.3 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдүүллээ

Төсвийн зарлагын тооцоонд гарсан өөрчлөлт:

2010 оны нэгдсэн төсвийн зарлагын хэмжээг 120.7 тэрбумаар нэмэгдүүлэн баталлаа.

Урсгал зардал
Улсын Их Хурлын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр урсгал зардлыг 3,8 тэрбум төгрөг, гадаад харилцааг эдийн засагжуулах, хилийн чанадад байгаа Монгол иргэдэд туслах арга хэмжээг 300.0 сая төгрөг, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 9.5 тэрбум төгрөг зэрэг арга хэмжээнд урсгал зардлыг нэмэгдүүлэхээр баталлаа.

Хөрөнгө оруулалтын зардал
Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 90.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Хөрөнгө оруулалтыг бүс, орон нутгийн арга хэмжээнд түлхүү хуваарилах чиглэл баримталлаа.

Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Нийгмйин даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн сангийн 2010 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Уг тогтоолоор дараахь асуудлыг шийдвэрлүүлэхээр тусгалаа:

Төсвийн эрх зүйн шинэчлэлийг хийхтэй холбогдон Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх тооцоо, саналыг боловсруулж 2009 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх; зэсийн батлагдсан үнийн өсөлтөөс нэмж төвлөрөх татварын орлого болон бусад орлогыг Засгийн газрын Эрсдэлийн санд хуримтлуулах; засаг захиргаа, төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх; нийгмийн даатгалын шинэчлэл хийх, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, уг сангийн санхүүгийн удирдлагын зохистой бүтцийг бий болгох, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр саналаа боловсруулж, УИХ-д шийдвэрлүүлэх үүргийг Засгийн газарт өглөө.
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь хориг тавьсан ба уг асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.


Танилцуулга бичсэн Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржханд

No comments:

Post a Comment